“ЭЕРЭГ МОНГОЛ ЧУУЛГАН – 2023” 2-Р ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газар, Жэй Си Ай Монгол ТББ болон Отгонтэнгэр Их Сургууль хамтран “ЭЕРЭГ МОНГОЛ ЧУУЛГАН-2023” 2-р хуралдааныг “Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх асуудалд” сэдвээр 2023 оны 03.21-д Монгол Улсын Ерөнхий Сайдын Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн ивээл дор зохион байгуулж, 500 гаруй төлөөлөгч оролцож, чуулганаас зөвлөмж гаргаж, зөвлөмжийн хүрээнд ажлуудаа хэрэгжүүлээд, 6 сарын дараа үр дүнгээ хэлэлцэхээр зөвшилцөлд хүрч байсан. 

Ийнхүү 6 сарын турш Дээд боловсролын тогтолцоонд Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх асуудлын хүрээнд Бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, жишиг хөтөлбөрийг их сургууль, аж ахуй нэгж байгууллагууд хамтран туршин хэрэгжүүлж ажилалаа.  

Чуулганд Монгол Улсын Засгийн Газар, Төрийн байгууллагууд, Бизнес эрхлэгчид, Жэй Си Ай Монгол ТББ-ын гишүүд, Их дээд сургуулиудын удирдлагууд, оюутан залуусын төлөөллүүд оролцож, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Отгонтэнгэр Их Сургуулийн ERASMUS+ MONGWBL Төсөл, Ажлын байранд суурилсан сургалтад 6 сарын турш хамрагдсан Оюутнуудын төлөөлөл илтгэл хэлэлцүүлж, оролцогчид сонирхсон асуултаа асууж, санал солилцлоо. 

Гол үр дүн нь Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлснээр оюутнууд суралцах хугацаандаа хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг хангасан ур чадвар эзэмшиж төгсөх боломжийг олгож, төгсөнгүүтээ ажлын байртай болжээ. Ажил олгогчдын хувьд шинэ төгсөгчийг давтан сургаж цаг хугацаа алдахгүйгээр ажил байрны шаардлагад нийцсэн төгсөгчийг авч ажиллуулах боломж бүрдсэн байна. Мөн их сургууль, ажил голгогчдын хамтын ажиллагаа сайжирсан гээд олон давуу талууд бий болсныг оюутан, ажил олгогчдын зүгээс онцоллоо. Төслийн зүгээс ажлын байранд суурилсан сургалтыг хэрэгжүүлэхэд баримтлах бодлогын баримт бичиг, нийтлэг шаардлага, жишиг хөтөлбөр боловсруулж, туршин хэрэгжүүлж, 100 гаруй оюутныг хамруулж, ажлын байраар хангасан үр дүн гарчээ.

Энэ удаагийн хуралдааны гол зорилго 1-р хуралдаанаас гарсан зөвлөмжийн дагуу оролцогч талуудын Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх хүрээнд хийсэн ажлуудаа танилцуулах юм. Чуулганаар Ажлын байранд суурилсан сургалтыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх боломж, шийдэл, арга замыг тодорхойлох, цаашид зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээрх Зөвлөмжийг гаргаж, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, БШУЯ, ХНХЯ, Бизнесийн байгууллагууд, Их сургуулиудын төлөөлөлд гардууллаа.