Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд “Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх нь” Үндэсний хэлэлцүүлэг боллоо
БШУЯ, Их сургуулиуд, Бизнесийн байгууллагуудтай хамтран Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд “Aжлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” Erasmus+ MONGWBL төслийг Европын холбооны санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд боловсруулсан бичиг баримтуудыг ДБСБ-ын болон ажил олгогчдын төлөөллүүдэд танилцуулан, санал авч сайжруулах зорилготой үндэсний хэлэлцүүлгийг 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн хэлэлцүүлэг нь ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэхэд баримтлах чиглэл, замын зураглал, ажлын байранд суурилсан сургалтын уян хатан загварыг танилцуулж, оролцогч талуудаас санал авч сайжруулах зорилготой. Мөн ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийн уян хатан загварыг туршин хэрэгжүүлсэн ажил олгогч, тус сургалтад хамрагдан ажлын байртай болсон оюутнуудын төлөөлөл өөрсдийн сурсан туршлагаа хуваалцаж, оролцогчдын сонирхсон асуултад хариулж, бодит туршлагаасаа хуваалцсан нь оролцогчдод ихээхэн үр өгөөжтэй байлаа.
Энэхүү хэлэлцүүлэгт БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга, шинжээчид, Европын холбооны төлөөлөл, МҮХАҮТ, Их дээд сургуулийн удирдлага, багш, оюутнууд, Бизнесийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 150 орчим хүн оролцож, санал солилцлоо.
Энэ удаагийн хэлэлцүүлэг нь нийгэмд тулгамдаад байгаа төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, нөгөө талаас бизнесийн салбарын хүний нөөцийн хомсдолтой асуудлыг их сургууль, ажил олгогч хамтран шийдэх боломж шийдэл гэж үзэж, оролцогч талууд, тэр дундаа ажил олгогчдын төлөөлөл ихэд сонирхож, их сургуулиудтай хамтран ажиллах, ажлын байранд оюутнуудыг бэлтгэхэд хамтран ажиллах байр сууриа илэрхийллээ.
Хэлэлцүүлэгт БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, их сургуулийн төгсөгчдөд онолын мэдлэгээс гадна шаардлагатай хөдөлмөр эрхлэх практик ур чадвар олгох, тэднийг хөдөлмөрийн зах зээлд бүрэн бэлтгэхэд шаардлагатай бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, дадлагын уламжлалт тогтолцоог өөрчлөх, ажил олгогчдын оролцоо, үүргийг нэмэгдүүлэх, илүү уян хатан үр дүнтэй тогтолцоог бий болгох хэрэгцээ шаардлага байна. Өнөөдөр манай их сургуулиудын төлөөлөл Европын орнуудын дээд боловсролын тогтолцоонд хэрэгжсэн “ажлын байранд суурилсан сургалтын сайн туршлага”-ыг судалж, өөрийн онцлогт нийцүүлэн дээд боловсролын тогтолцоонд нэвтрүүлэхээр санаачилгатай ажиллаад, тодорхой үр дүнгүүдийг гаргаад байна. Энэ үр дүнгээсээ өнөөдөр та бүхэнтэй хуваалцаж, санал солилцохоор энэ хэлэлцүүлгийг хийж байгаад баяртай байна. Мэдээж БШУЯ голлох үүрэгтэй оролцож байгаа. Гэхдээ дан ганц яам энэ том ажлыг хийхэд хангалтгүй учраас ажил олгогч, их дээд сургуулиуд, аж ахуйн нэгж, компаниудын хамтын ажиллагаа, дэмжлэг, идэвхтэй оролцоо нэн чухал юм гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Үндэсний хэлэлцүүлгийн панелистаар БМИҮЗ-ийн ажлын албаны захирал Ж.Ариунболд оролцож, оролцогчдын асуултад хариулж, хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад төгсөгчдийн ур чадварыг нийцүүлэх, цаашлаад хөдөлмөрийн заах зээлд суурилсан хөдөлбөрийн агуулгын сайжруулалт хийгдэж, дээд боловсролын чанарт ихээхэн өөрчлөлт авчирна. Энэ ажлыг ярих биш хэрэгжүүлж, үр дүн гаргаж, туршлагаасаа хуваалцаж буй та бүхэнд баярлалаа. Энэ жишгээр их сургуулиуд, ажил олгогчтойгоо хамтраад Ажлын байранд оюутнуудаа бэлтгэж байхыг уриаллаа.
Мөн оролцогчдын зүгээс Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх бодлого, зохицуулалт, хэрэгжүүлсэн уян хатан загвар, Европын сайн туршлагын талаар мэдээлэл хүргэсэн нь боловсролын багц хууль амьдралд хэрэгжихэд, технологийн 4-р хувьсгалтай давхцаж буйгаараа нэн чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.
Төслийг хэрэгжүүлэгч их сургуулиудын зүгээс Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг бусад хөтөлбөрүүддээ хэрэгжүүлээд эхэлсэн. Цаашид тогтвортой үйл ажиллагааг хангаж, ажил олгогчидтой хамтарч ажиллахаа илэрхийллээ.