Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд “Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийн ээлжит сургалт, хэлэлцүүлэг ХБНГУ-д 3-р сарын 27-29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтанд Монгол улсаас MONGWBL төслийн нийт 50 оролцогч харин Франц, Грек, Румын улсаас 6 оролцогч ирж оролцсон бөгөөд төслийн хөндлөнгийн мэргэжилтэн Проф.Arayik Novayan мөн төслийн явцад хяналт тавьж, үнэлж, дүгнэхээр оролцсон юм.
Сургалтыг Берлиний Эдийн засаг-Хуулийн сургуулийн ерөнхийлөгч Prof. Dr. Andreas Zaby нээж үг хэлэхдээ төслийн зохион байгуулагч болон оролцогч Франц, Грек, Румын, Монголоос ирсэн нийт төлөөлөгч нарт талархал илэрхийлэхийн зэрэгцээ сургуулийнхаа талаар товч танилцуулга хийсэн юм. Тэрээр ажлын байранд суурилсан хөтөлбөрөөр Берлиний Эдийн засаг-Хуулийн сургуульд /АБСС/ нийт 2500 орчим суралцдаг болохыг дурдаад энэхүү хөтөлбөрийг дүүргэсэн оюутан цаашдаа маш үнэ цэнтэй мэргэжилтэн болдог талаар онцгойлон тэмдэглэн хэллээ.
Берлин дэх Монгол Улсын консул Д.Мөнхтөр уг сургалтын нээлтэнд оролцож үг хэлсэн бөгөөд тэрээр “Энэхүү арга хэмжээний ач холбогдол нь оролцогчдын тоо, байгууллагын төлөөллөөс харагдаж байна. Монгол Улс Европын холбоог гуравдагч түнш гэж хардаг ба энэхүү түншлэл боловсрол судалгаа чиглэлээр өргөжиж байгаа” гээд Монгол улсаас Германд суралцах оюутны тоог нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн хамт элчин сайдын нэрийн өмнөөс төслийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжихээ илэрхийлэв.
Төслийн ерөнхий зохицуулагч ОТИС-ын дэд захирал Ж.Золбаяр оролцогчид болон зочдод хандаж төслийн дундын үр дүнгийн талаар танилцуулахын зэрэгцээ АБССургалтын хөтөлбөрөөр яг одоо дадлага хийж буй оюутнуудын ахиц, дэвшил, амжилтын тухай дурдаад мөн МУ-ын ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан “Эерэг Монгол” үндэстний хэмжээний чуулганаар АБСХ-ийн асуудлыг хэлэлцүүлсэн нь төслийн үр дүнг нийтэд түгээн дэлгэрүүлэх онцгой ач холбогдол бүхий ажил болсныг тэмдэглэсэн юм.
Сургалтын эхний өдөр Герман, Франц, Грек, Румын улсын хамтрагчид өөрсдийн АБСС-ын хөтөлбөрийг сайжруулсан туршлагаа хуваалцсан бол сүүлийн өдрүүдэд өдөр үндэсний хамтрагчид АБСС-ын хөтөлбөрийн туршин хэрэгжүүлэх явцыг, БШУЯам болон зохицуулагч сургуулийн төлөөлөгчид боловсруулж буй үндэсний бодлогын бичиг баримт, зураглалыг тус тус танилцуулж Европын холбооны хамтрагч сургуулиудын профессор, мэргэжилтнүүдээс сайжруулалтын санал зөвлөмж авсан юм.
Сургалтын үеэр төслийн удирдах зөвлөл хуралдаж төслийн сүүлийн жилийн төлөвлөгөө, төсөв болон нэмэлт ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлав.
Тус сургалтыг өндөр хэмжээнд зохион байгуулсан Берлиний Эдийн засаг-Хуулийн сургуулийн MONGWBL төслийн баг Проф.Oesten Baller, Проф.Erwin Seyfried, Проф.Dorle Linz, Ms. Benita Rothe нартаа онцгойлон талархал илэрхийлье!