Дээд боловсролын тогтолцоонд “Ажлын байранд суурилсан сургалт”-ыг нэвтрүүлэх Erasmus+MONGWBL төслийн ээлжит сургалт зохион байгуулагдлаа
Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Erasmus+MONGWBL төсөл нь их дээд сургуулиудын дадлагын өнөөгийн тогтолцоог сайжруулах, үр дүнтэй дагалдан сургалт, ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой юм. Тус төсөл нь 2021 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2024 он хүртэл үргэлжилнэ.
Тус сургалтын нээлтэд үг хэлсэн зочид, төлөөлөгчид хэлэхдээ, Дээд боловсролын хөгжлийн олон улсын чиг хандлага, шинэчлэлийн бодлого нь дээд боловсролын чанарыг дэлхийн жишигт хүргэх, Сургалт–Судалгаа–Үйлдвэрлэлийн тогтолцоог цогцоор нь хөгжүүлэхэд бүхэлдээ чиглэж байна. Дээд боловсролын тогтолцоонд Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх, үр дүнтэй аргачлалыг бий болгох хамгийн чухал нөхцөл бол тодорхой томьёолсон бодлого ба дүрэм журмын тогтолцоо байх ёстой. Мэдээж энэ хүрээнд БШУЯ голлох үүрэгтэй оролцох нь дамжиггүй. Гэхдээ тохиромжтой бодлого, засаглалын тогтолцоог бий болгоход нь дан ганц яамны үүрэг хариуцлага байх ёсгүй. Ялангуяа ийм бүтцийг хөгжүүлэхийн тулд дээд боловсролын салбарын нийгмийн түншүүд, ажил олгогч, оролцогч талууд, их сургуулиуд, аж ахуйн нэгж, компаниудаас ихээхэн хамааралтай” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Европын сайн туршлагад үндэслэн боловсруулсан “Банк, даатгал, Аялал жуулчлалын хөтөлбөр”-ийн ажлын байранд суурилсан сургалтын уян хатан загварыг 2022 оны 10 сарын 1-ээ их сургуулиудад туршин хэрэгжүүлнэ.
Төсөлд оролцогч талуудын чадавх бэхжүүлэх сургалт 2022 оны 9 сарын 19-21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Энэхүү чиглүүлэх сургалт нь төслийн хүрээнд явагдаж байгаа 4 дэх удаагийн сургалт юм. Сургалтыг ХБНГУ-ын Берлиний Эдийн засаг, хуулийн сургууль, Франц улсын Лионы их сургууль, Румын улсын Транселваны их сургууль, Грек улсын Македоны их сургуулийн профессорууд удирдан явуулж байна.
Сургалтад БШУЯ-ны удирдлага, мэргэжилтнүүд, төслийг хамтран хэрэгжүүлэгч их сургуулиудын удирдлага, багш, оюутнууд, ажил олгогчид, ажлын байранд суурилсан сургалтын зохицуулагч, чиглүүлэгч, аж ахуй нэгж байгууллагын хүний нөөцийн газар, хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд зэрэг 80 орчим төлөөлөл, оролцож байна.
Тус чиглүүлэх сургалтын зорилго нь “Үндэсний сургагч багш нар, зохицуулагч, чиглүүлэгч болон банкнууд, аялал жуулчлалын агентлагуудын сургагч багш, зохицуулагч, чиглүүлэгч ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чадавхжуулахад чиглэж байна.
Сургалт нь 3 өдрийн турш үргэлжлэх бөгөөд сургалтаар ажлын байранд суурилсан сургалтын суралцахуйн үр дүн, хэрэгжүүлэх үе шат, давтамж, хяналт үнэлгээ, оюутны үнэлгээ, чанарын баталгаажуулалт, сайжруулалтын талаарх Европын туршлагад суралцах юм.
Төслийг хэрэгжүүлэгчид MONGWBL төслийг хэрэгжүүлснээр Дээд боловсролын тогтолцоо дахь одоогийн дадлагын зохион байгуулалт, бодлого зохион байгуулалтын шинэчилж, дадлагын уян хатан загварын механизм, арга хэрэгслийг бий болгох, Их сургууль–Аж ахуйн нэгж байгууллагын хамтын ажиллагааг дэмжих бодлого, зохицуулалтыг шинэчлэх, Европын зарим их сургуулиудын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байгаараа ихээхэн ач холбогдолтой болохыг тодотгов.
Энэхүү сургалтын дараа оролцогчид хөтөлбөрийн дагуу ажлын байранд практик сургалтыг зохион байгуулах, их сургууль болон компаниудын хооронд найдвартай, тогтвортой хамтын ажиллагааг бий болгох, их сургуулийн танхимын сургалтыг ажлын байран дахь практик сургалттай уялдуулах, оюутнуудад зориулсан сургалтын (бие даасан) төлөвлөгөө гаргах, оюутнуудыг ажлын байран дээр сургахад чиглүүлэх, зааварлах, хяналт тавих ажлыг зохион байгуулах, ажлын байранд суурилсан сургалтын гүйцэтгэлд суурилсан үнэлгээг зохион байгуулах, оюутны эзэмшсэн ур чадварыг хүлээн зөвшөөрөх талаар мэдлэг ойлголтоо нэмэгдүүлж, Ажлын байранд суурилсан сургалтын үнэ цэн, ашиг тусыг бусад их сургууль, компаниудад хүргэх боломжтой болно.
Төслийн ерөнхий зохицуулагчаар Отгонтэнгэр их сургууль ажиллаж, Европын холбооноос Герман, Франц, Румын, Грек улсын их сургуулиуд, Монгол улсаас БШУЯ, ОТИС, СЭЗИС, ХААИС, Дорнод ИС, СУИС болон ажил олгогчдоос Төрийн банк, Голомт банк, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран хэрэгжүүлж байна.