Төслийн чадавх бэхжүүлэх ээлжит сургалт Франц улсын Лион хотод зохион байгуулагдлаа
Erasmus+ MONGWBL төслийн хүрээнд боловсруулсан бодлогын баримт бичиг, Ажлын байранд суурилсан сургалтын жишиг хөтөлбөрийг танилцуулж, Европын хамтрагч их сургуулиудын оролцогчдоос зөвлөмж авч сайжруулалт хийх зорилго бүхий 3 өдрийн сургалт Францын Лион хотын “Лион Люмир 2” их сургууль дээр 5 дугаар сарын 9-11-д болж өнгөрлөө. Төслийн ээлжит сургалтад Герман улсын Берлины эдийн засаг хуулийн сургууль, Грекийн Македоны их сургууль, Румын улсын Трансилваны их сургууль, Францын Лионы их сургуулийн төлөөллүүд болон Монгол улсын оролцогч байгууллагууд БШУЯ, ОТИС, СЭЗИС, СУИС, ХААИС, ДоИС, Голомт, Төрийн банк, Аялал жуулчлалын холбооны төслийн багийн гишүүдээс бүрдсэн нийт 70 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Сургалтын үйл ажиллагааг "Лумире Лион 2" их сургуулийн дэд захирал Jim Walker “Манай сургууль ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлсэн ууган сургуулийн нэг юм. Бид туршлагаа хуваалцаж байгаадаа таатай байна” гэж нээлтийн үгэндээ хэллээ.
Мөн төслийн удирдагч ОТИС-ийн дэд захирал Ж.Золбаяр төслийн оролцогч нарт хандаж үг хэлж, төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулсан юм.
Дараа нь оролцогчид "KEOLIS" нийтийн тээврийн үйлчилгээний байгууллага болон "RENAULT TRUCKS" машины үйлдвэрлэл дээрх оюутнуудын дадлагын үйл ажиллагаатай биеэр очиж танилцлаа.
Сургалтын 2 дахь өдрийн эхний хэсэгт Төслийн багийн Удирдах зөвлөлийн хурал болж, хамтрагч тус бүрээс төлөөлөгчид оролцож ирэх саруудад хийх ажлыг нарийвчлан төлөвлөсөн бол дараагийн хэсэгт төслийн багийн үндэсний багийн хамтран боловсруулсан Ажлын байранд суурилсан сургалтын бодлогын баримт бичиг болон хөтөлбөрийн уян хатан загварыг танилцуулж, Европын холбооны хамтрагчид туршлагаа хуваалцаж бодлогын баримт бичиг болон загварыг сайжруулах талаар санал, зөвлөмж өгөв. Тус өдрийн үдээс хойших семинарт Францын Лион хотын банкны төлөөлөл ажлын байранд суурилсан сургалтын суралцагч нар туршлагаа хуваалцаж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Ажил олгогч банкнуудын зүгээс Банкны салбар дах ажил олгогчдын хүсэн хүлээсэн мэргэжилтэн бэлтгэх зорилгын дагуу энэ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна.
Сургалтын сүүлийн буюу 3 дахь өдөр Ажлын байранд суурилсан сургалтын бодлогын баримт бичгийн сайжруулах санал зөвлөмжийн баг болон жишиг хөтөлбөрийн баг гэсэн 2 хэсэгт хуваагдаж бүлгээр ажиллаж, зөвлөмж боловсруулж ажиллалаа. Тус зөвлөмжийн хүрээнд бодлогын баримт бичгийг үндэслэл, өнөөгийн нөхцөл байдал болон зохион байгуулалт, хэрэгжүүлэлт, чанарын баталгаажуулалт, санхүүжилт гэсэн үндсэн бүтэцтэй байхаар санал нэгдлээ. Ажлын байранд суурилсан сургалтыг амжилттай хэрэгжүүлэхэд ажил олгогч болон их сургуулийн харилцан үр дүнтэй идэвхтэй хамтын ажиллагааны дүнд суурилдаг болохыг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн Их сургуулийн хувьд, АБСС-ыг зохион байгуулж буй ИС-ААНБ-ын оролцогч талын хамтын ажиллагааг илүү тодотгож өгөх шаардлагатайг дахин онцоллоо.